ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ
Чойжин ламын сүм бол XIX зууны сүүлч XX зууны эхэн үеийн авьяас билигт урчуудын хосгүй нандин бүтээлүүдийн орон төдийгүй Монголын түүх, шашин, соёл, уран барилга урлахуй ухааны дахин давтагдашгүй өв мөн. Чойжин лам Лувсанхайдав нь 1899-1901 оны хооронд Зүүн Хүрээний Шар ордноос баруун хойно анхны сүмээ байгуулж байжээ.
Удалгүй 1903 оны өвлийн сүүл сарын нэгэн шөнө гэнэтийн гал түймэр гарч Чойжин лам Лувсанхайдавын анхны сүм бүхэлдээ шатаж устсан байна. Ингээд Чойжин ламын сүмийг уран Омбо тэргүүтэй 300 гаруй урчууд одоогийн байрлаж буй газарт 1904-1908 оны хооронд дахин байгуулжээ.
Ардын засгийн жилүүдэд төрөөс шашин, лам нарын талаар явуулсан хориглох бодлогын улмаас сүмийн хурал номын үйл ажиллагаа зогсож, улмаар 1938 онд хаагдсан байна. Тухайн үед монгол оронд 750 гаруй сүм хийд байсан бөгөөд түүнээс олон сүм хийд хэлмэгдүүлэлтэд өртөн устгагдсан гэдэг. Чойжин ламын сүм нь 1930-аад оны хэлмэгдүүлэлтийн он жилүүдийг тэсэж үлдсэн цөөхөн сүм цогцолборын нэг юм.
Удалгүй 1903 оны өвлийн сүүл сарын нэгэн шөнө гэнэтийн гал түймэр гарч Чойжин лам Лувсанхайдавын анхны сүм бүхэлдээ шатаж устсан байна. Ингээд Чойжин ламын сүмийг уран Омбо тэргүүтэй 300 гаруй урчууд одоогийн байрлаж буй газарт 1904-1908 оны хооронд дахин байгуулжээ. Ардын засгийн жилүүдэд төрөөс шашин, лам нарын талаар явуулсан хориглох бодлогын улмаас сүмийн хурал номын үйл ажиллагаа зогсож, улмаар 1938 онд хаагдсан байна. Тухайн үед монгол оронд 750 гаруй сүм хийд байсан бөгөөд түүнээс олон сүм хийд хэлмэгдүүлэлтэд өртөн устгагдсан гэдэг. Чойжин ламын сүм нь 1930-аад оны хэлмэгдүүлэлтийн он жилүүдийг тэсэж үлдсэн цөөхөн сүм цогцолборын нэг юм.

ТӨРИЙН ЧОЙЖИН ЛАМ ЛУВСАНХАЙДАВ
Монгол төрийн их чойжин Лувсанхайдав хутагт нь Далай ламын түшмэл Гончигцэрэнгийн 5 дугаар хүү болон 1872 онд Төвөдөд мэндэлжээ. Тэрээр ахыгаа Монголын VIII Богд Жавзандамба хутагтаар өргөмжлөгдөхөд гэр бүлийн хамт 1874 оны намар Монгол оронд залагдан иржээ. Их хүрээний Хамба Номун хан Балданчоймбол, VIII Богд Жавзандамба хутагт нар 1883-1884 оны үед Монголын шашин, улс үндэстнийг хамгаалуулах зорилгоор Лувсанхайдавыг догшин сахиусны чадал онгод оршсон “Чойжин лам”-аар тодруулсан байна.
VIII Богд Жавзандамба хутагт Лувсанхайдавт үе улиран залгамжлах Нийслэл хүрээний голын чойжин сахиусны ариун явдалт чин сүсэгт Гүртэмбэ, Гүжир хамба, "Эрдэнэ билэгт Тунгалаг бишрэлт Хутагт" цол хайрлажээ. Мөн хутагтын тамга, чойжин сахиусны тамга, түүний сүмийг захирах тамга зэргээр шагнан, "Халхын шашныг хамгаалагч" хэмээх өндөр нэр хүндийг олгожээ.
Чойжин лам Лувсанхайдав нь XIX-XX зууны эхэн үеийн нөлөө бүхий томоохон лам нарын нэг байсан бөгөөд төр улсын тусгаар тогтнол, хөгжилд саад тотгор учруулагч дайсан, тэрсүүдийг хатуу тарнийн арга ухаан, шид бүтээлээр даран устгах үүрэг хариуцлагыг даасан Төрийн Чойжин байсан билээ. Тэрээр шашин номын эрдэм чадлаараа төр түмнийг тэтгэн тусалж, Монголын тусгаар тогтнолын үйл хэрэгт өөрийн хувь нэмрээ оруулсан түүхтэй.
МУЗЕЙ БОЛСОН ТҮҮХ
Монгол орны түүх, соёлын үнэт өв хадгалагдан буй тус сүмийг 1938 онд Судар бичгийн хүрээлэнд шилжүүлж, улмаар БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 1941 оны 11 сарын 13-ны өдрийн хурлын шийдвэрээр тус сүмийн Халх хаалгыг улсын хамгаалалтад авах тогтоол гарснаар, хойч үе бидэнд хадгалагдан үлдсэн юм. Ийнхүү Чойжин ламын сүмийг дотоод, гадаадын зочид, төлөөлөгчдөд захиалгаар үзүүлдэг болжээ. Хожим 1962 оноос олон нийтэд үйлчлэх, нээлттэй музей болсон түүхтэй.
БАЙГУУЛЛАГЫН НЭРИЙН ӨӨРЧЛӨЛТ
1904 - 1938 Өршөөлийг хөгжүүлэгч сүм
1938 - 1990 Сүм музей
2000 - Одоо Чойжин ламын сүм музей
