Цагаан суварга нь Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт, аймгийн төвөөс урагш ойролцоогоор 156 км зайд орших Монголын говийн хамгийн өвөрмөц байгалийн тогтоцын нэг юм.
Их говийн үзэсгэлэнг илтгэх энэхүү шаварлаг ханан хавцал нь эрт галавын үед далайн ёроол байсан ул мөр бөгөөд салхи, усны элэгдлээр олон сая жилийн туршид өнөөгийн сүрлэг хэлбэрээ олжээ.
Цагаан суваргын мөргөцөг ойролцоогоор 60 метр өндөр, 400 гаруй метр өргөн бөгөөд зарим хэсгээрээ 90 хэмийн эгц ханатай.
Алсаас харахад эртний хот балгас, суварга мэт сүндэрлэн харагддаг нь түүнийг “Их говийн суварга” хэмээн нэрлэхэд хүргэсэн.
Ялангуяа нар мандах, жаргах үед Цагаан суваргын өнгө шар, улбар, улаан, ягаан өнгөөр солонгорон хувирч, аялагчдад мартагдашгүй сэтгэгдэл төрүүлдэг.
Нутгийн иргэд үүнийг “энергийн төв” хэмээн үзэх нь ч бий.
Цагаан суваргаас зүүн тийш ойролцоогоор 7 км зайд орших “Хэвтээ босоогийн агуй” нь байгалийн элэгдлээр үүссэн өвөрмөц тогтоцтой бөгөөд орохдоо босоогоор орж, гарах үед хэвтээ болж гардаг онцлогтой.
Мөн ойр орчимд Хөх цав, Дэл уулын хадны сүг зураг, Хонгор хайрхан зэрэг байгалийн болон түүхийн дурсгалт газрууд байрладаг.
Өнөөдөр Цагаан суварга нь говийн байгалийн гайхамшгийг мэдрэх, гэрэл зураг авах, аялал жуулчлалын баазуудаар амрах боломжтой Дундговь аймгийн хамгийн их жуулчин татдаг үзэсгэлэнт бүс нутгийн нэг юм.